Delgermurun
2 min readJun 27, 2023

Төрөл бүрийн хүмүүс

Миний ажлын хамгийн онцгой бөгөөд чухал тэр тусмаа хэцүү хэсэг нь төрөл бүрийн хүмүүстэй ярилцлага хийх байдаг. Заримтай нь өдөржин амьдралын сонин сайхан, тэр хүний амьдралыг харах өнцөг юу бол гэж гүнзгий яриад л суумаар. Харин эсрэгээрээ заримтай нь ярилцахад 1 минут маш удаан бүх л өдөр юм шиг тийм хүнд сэтгэгдэл үлдээдэг. Нар шиг инээмсэглэлтэй, амьдрал ийм хөнгөхөн байж болдог юмуу гэж мэдрүүлдэг энгийн хүмүүс байдаг. Зарим харц маш гунигтай, ямар ч мөрөөдөлгүй тэмүүлэлгүй, зорилготой байхаас зориг нь дутсан гэмээр бүрхэг, Эсрэгээрээ зарим нь ертөнцөд өөрөөс нь өөр хэн ч юуг ч чадахгүй юм шиг итгэл дүүрэн, хорвоогийн бүх зүйл өөрийнх нь эсрэг байсан ч бууж өгөхөөргүй өөдрөг байдаг. Зарим нь дөнгөж 20 хүрч ажлын гараагаа эхлэх гэж байхад, зарим 30, 40 тэй ажиллах газраа сонгоогүй, олоогүй явж байх. Сонин байгаа биз, хүн бүрийн амьдралын замнал, үзэл бодол, зорилго мөрөөдөл тэс өөр, бүүр үнэхээр зүйрлэшгүй өөр байдаг. Хүн ер нь заавал зорилготой, зоригтой байх ч албагүй юм билээ. Зүгээр одоо байгаадаа талархдаг, өөрийнхөө оршиж буйдаа баярладаг, их зовохооргүй ажил хийгээд хэдэн төгрөгний цалингаа аваад сэтгэл нь ханачихдаг байхад буруудах зүйлгүй амьдарч чадна. Хүн бүр аймар амбицтай, мундаг, албан тушаал мөнгөнд шунасан, хэдэн улсын хэлээр ярьдаг, сэтгэн бодох чадвартай байх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр хүн бүрийн амьдралын эрхэмлэх үнэт зүйл, зорилго тэмүүлэл, утга учир өөр өөр юм билээ. Туйлын сайн, эсвэл туйлын арчаагүй муу хүн гэж үгүй. Тэд зүгээр л хоорондоо адилгүй юм.

Дөнгөж Хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж эхлэхдээ би хамгийн амбицтай, чадварлаг, сайн ярьдаг хүмүүсийг ажилд сонгохыг чухалчилдаг байсан бол одоо үнэн хүнийг сонгохыг хичээдэг болсон. Үнэн гэдгийг нь аль болох харцнаас нь мэдрэхийг хичээнэ. Чадахгүй, мэдэхгүй бол түүнийгээ ичихгүй хэлчихдэг, ирээдүйн зорилгоо яг бодитоор нь төлөвлөчихсөн, чөлөөт цагаараа хийх дуртай зүйлтэй, хааяа залхуурдагаа нуулгүй инээмсэглэх ажил горилогч илүү таалагддаг болсон. Нэг тийм харилцахад, ярилцахад тайван мэдрэмж төрүүлдэг, үнэнээрээ энгийн хүн илүү оноо авдаг юм шүү.

Манай COO хэлэхдээ хүн бүр өөр байдаг гэдгийг ойлгож хүлээн зөвшөөр, хүнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг их чухал ур чадвар шүү гэсэн. Ярилцлага хийх бүртээ бусдыг гаднаас нь дүгнэхгүй, шууд эхний асуулт яриултаас шийдэхгүй байхыг их хичээдэг. Хүнийг таних дүгнэх маш хэцүү бөгөөд сонирхолтой ур чадвар шүү. Ярилцлага хийх бүртээ буруу таничихвий, буруу шийдвэр гаргахвий гэж эмээдэг, Аль болох гаднаас нь биш дотроос нь таних гэж хичээнэ. Ерөнхийдөө хүн бүр тэс ондоо байдаг юм билээ.

HR Дээгий🤍