Итгээрэй…

Delgermurun
Apr 26, 2021

--

Ээдрээт мянган харгуйд

Эргэлзэх шалтгаан түмэн олон ч

Үүнээс өөр сонголт үгүй гэж

Үнэнч сэтгэл минь итгэл тээнэ

Ээлжлэн одох цаг хугацаанд

Энхийн цагаан тагтаа шиг итгэл минь

Эргэж уулзах нэгний замд

Эвдрэшгүй уудам гүүр болдог юм.

Ухаан орсон цагаас сэтгэл минь бүрэлдэж

Уучлаарай гэдэг үгний хойно итгэл нууж

Учран золгох нэгэнд хайр түгээж чадвал

Уудам энэ орчлонд би багтдаг болов уу

Эвдэрдэг юм итгэл минь

Эдгэрэхээ больчих вий сэтгэл минь

Эргээд нэг бодоорой хэлэх үгээ

Эмзэгхэн байдаг юм шүү зүрх минь

Магтахгүй байж болноо

Мартаагүй байгаасай сэтгэлийг минь

Мэдрэхгүй байж болноо

Мэрэхгүй байгаасай итгэлийг минь

Дөрвөн улирал ээлжлэн ирдэг шиг

Дуулим хорвоо цаг нь болохоор хувирдаг ч

Дундаршгүй их итгэл байхад

Дахин дахин сайхан цаг ирнээ.

Итгээрэй…….

21.04.26

--

--