Баярын өдөр

Delgermurun
2 min readMar 19, 2022

--

Ажлаа тараад алхаж явна. 03.18.22

Өнөөдөр баярын өдөр, Цэрэг эрсийн баярын өдөр болохоор эмэгтэйчүүд маань аавдаа ахдаа, ханьдаа, найз залуудаа дүүдээ мэнд хүргээд баярлуулж байна. Харин би аавыгааа хамгийн ихээр санадаг өдөр. Ааваа, баярын мэнд гээд чангаас чанга хэлэх хүсэл улам их төрнө. Ажил тараад гэрийн зүг алхлаа, замдаа дуу сонсонгоо олон зүйлийн талаар бодно. Бодохоос илүү санана. Өнгөрсөнд одсон аавыгаа, Огт хараагүй ч өвөө нарыгаа, Ирээдүйд ирэх найз залуугаа ч юм уу. Мэдэхгүй ямартайч сэтгэл минь хэнийг ч юм санагалзаар гудамжаар хоёр хөлөө ээлжлэн зөөнгөө эргэн тойрноо ажлаа.

Бүгд хаа нэг тийшээ яарна. Ихэнх нь гэрлүүгээ бололтой Залуухан бүсгүй пицца барьсаар зөрнө, зарим нэг нь ууттай бэлэг сугавчлан алхана. Тэдний харцанд хайр шингэжээ. Өдөр бүр ийм байгаасай гэмээр. Харамсалтай нь автобусны буудал эсвэл байрны буланд залуухан хөвгүүд янжуур зууж шүлсээ хаяж юуны ч тухай юм бүү мэд хөхрөлдөнө зогсоно. Хижээл насны ах нар гишгэж чадахгүй найгах нь гунигтай харагдана. Яана даа хүүхдүүд нь хүлээж байгаа байхдаа гэж сэтгэл эмзэглээд цааш алхтал. Хөөрхөн цайлган гэгээхэн дүр зураг. Залуухан хосууд жаргалтай хөтлөлцөн алхана. Охин гомдсон бололтой дурлалт залуу түүний өмнө хөндөлзөж уучлалт гуйж аргадаж байгаа нь цагаахан атаархалыг минь төрүүлэх шиг. Охин удахгүй уучлах байхаа. өнөөдөр баярын өдөр шүү дээ гээд зөрж өнгөрлөө. Гоё юмаа гэсэн бодлыг минь сарниулж бас нэгэн дүр зураг нүдэнд өртлөө. Өвөөтөөгэй хөл барилдаан хийн ход ход инээж буй жижигхээн охин өвөөгийнхөө хөл дээр гишгэж дэгдэнэ. Өвөөгөө ялсан бололтой бүүр чанга инээх нь намайг 2 , 3 эргэн харж дагаж инээхэд хүргэлээ. Өвөөтэй байх гоё байхдаа гээд урагш алхлаа. Дэгдэн гүйж яваа жоохон хүү эмээ нь баярлуулсан бололтой гартай тоглоом барьчихсан эмээгийнхээ урд дэггүйтэн гүйнэ. Хөгшин эмээ нь аливээ миний хүү болгоомжтой гэсээр араас нь алхана. Хүү ч эмээг сонсох сөхөөгүй баярлаж байгаа нь хүүхэд насны гэгээхэн жаргалтай мөчийг илтгэж байна.

Би бодлоо хүмүүс баярын өдөр гэлтгүй өдөр бүр ийм жаргалтай байж, нэгнийгээ баярлуулж, хайрлаж, жижигхэн ч гэсэн бэлэг барин хайртай хүнийхээ баярлахыг харахаар яарч алхдаг бол гоё байхдаа. Аан бас эмэгтэйчүүд гэхээрээ заавал авдаг биш өгдөг байх хэрэгтэй юм байна. Эр хүн ч бас баярлаж, дэгдэж, аз жаргалтай байх эрхтэй юм шүү дээ.

Дараа жилийн цэргийн баяраар хэн нэгнийг баярлуулахаар яаран алхахыг хүснэ.

Дээгий ❤

--

--